Tuesday, October 6, 2015

Үүгээрээ оролгүй маш удсан байна. Уучлаарай. Шинэ эргэн ирэлт болж байна :). Бүр мөсөн хаагаад, хаяад явмаар санагдаж байсан юм…
 Хөөрхөн ч юмдаа миний муу хар блог. Хамаг постуудаа эргэн буцааж уншиж үзлээ. Ичгэвтэр зүйл маш олон байгаа ч энэ бүхэн нь өнгөрсөнд байсан, одоо байгаа, ирээдүйд байх Зулааг бүтээсэн байна. Буянтай блог тэгэхээр.. Цаг хугацааны аясаар хүн хэрхэн хувьсаж байгааг уншаад гайхаж байна. Тийм болохоор хаях биш хадгалан, хааяадаа нэг шагайж байнаа үүгээр. Залуухан, жаахан зулаатай уулзах сайхан байлаа :).

Thursday, July 2, 2015

A Comme Amour


Хүний ертөнц дээр нулимсаар илэрхийлж болдоггүй нэгэн төрлийн гуниг байдаг. Хэнд ч түүнийг тайлбарлах боломжгүй. Ямар нэгэн хэлбэр дүрст хувиран илэрхийлэгдэж чадаагүйн улмаас зүрхний гүнд салхигүй шөнийн цас мэт хунгарлан шигддэг. Харуки Мураками

Monday, March 24, 2014

"ЗААВАЛ"

Блогтоо юм бичилгүй их уджээ. Өөрчлөлт шинэчлэлтээс үүдэлтэй төөрөгдөл дунд мэдэхгүй, чадахгүй зүйл ихтэй хөвсөөр л явна.
Та намайг энэ удаад юм бичмээр санагдуулахад хүргэлээ Та үүнийг уншиж байгаа болохоор Таний зөвлөгөө, Таны бодол, Таны үгс олон олон бодлууд дагуулдаг болохоор, Таны өгсөн урмаар хэсэгтээ тэжээгддэг болохоор,
Таны "ЗААВАЛ" намайг хурцалж байсан болохоор жил гарны дараа бодож байсан 7 зүйлдээ зуун хувь сэтгэл ханамжтайгаар хүрээгүй ч гэсэн үүрэг зорилгоо биелүүлсээн би. Таныг сайн сайхан баяртай мэдээ унших дуртай болохоор, таны нөлөө ч гэсэн байсан болохоор бахархалтайгаар бичиж сууна :). Бодож байсан шигээ үр бүтээлтэй, завгүй байж чадлаа. Түүнийхээ хажуугаар бас амьдралыг хүртэл хослуулж байлаа. Багаас мөрөөдөж байсан газраа сурч байна, үзээд алдая гэсэн байгууллагтаа ороод олон биш юм аа гэхэд нилээн хэдэн хүмүүсийн амьдралыг өөрчлөхөд багахан ч гэсэн нөлөө, хувь нэмэрээ орууллаа. Хааяа шантрах цаг, үүрэг даалгавартаа дарагдах цаг байсан ч ганц надаас шалтгаалаад цаашдаа олон олон хүний амьдрал, үзэл бодолд эерэг өөрчлөлт гарна гэж бодохоор л улам хичээсээр байлаа. Өөрөө өөртөө ч цаг гаргаж сурсан. Өөрийн сонирхол, сэтгэлийнхээ чигийг цаашид хөгжүүлэх орчингоо ч бага багаар бие даан бүрдүүлсээр жил гарны өмнө тавьсан зорилтуудаа хагас хугас ч гэсэн биелүүллээ. Одоо цаашид хичээх л үлдсэн. Танихгүй шахам ч гэлээ таны нөлөө ийм байна. Баримжаагүй бол ямартай ч миний сэтгэлд хүрэхүйц амжилттай биелүүлж чадлаа таны ачаар. Баярлалаа :). -"ЗААВАЛ"- өөрөө өөрийгөө бас бусад бүх зүйлийг чухалчилсан, тусгаар тогтносон үгийн эзэнд.
Өөрийгөө олж танихгүй ч байж болно гэхдээ би Таныг "ЗААВАЛ" нэг өдөр олж болзоонд уринаа хэхэ :D.

Friday, January 10, 2014

Зүгээр л аав аа танийг айхтар их санаж байна гэж хэлэх гээд л блогоороо шагайж байна. Сүүлд таньтай ярихад хэлсэн үг чинь урам өгөөд улам л хайр хүргээд бодогдуулаад байх юм. Аав минь намайг өдөр болгон бодож байгаа одоо..
Охин нь сайн суугайсай гээд дээжээ өргөж байгаа яг одоо..
Аав аа хайртай шүү гээд л хэлж чаддаггүй хүндээ... Жилд ганц хэлдэг үгс. Баяраар. Бас ааваас ч хэзээ ч сонсож байгаагүй үгс.
Үгээр биш тэрнээс илүү зүйлээр сэтгэлээ илэрхийлж болдог болохоор.
Хэлье гэхэд сайн бодоод бодоод, бүр маш удаан бодоод өөр яг сэтгэлтэй минь таарах үг олдохгүй. Буцаад л өнөөх хайртай гэсэн үгэн дээрээ үлдэнэ. Энэ үг уул нь яг төгс илэрхийлэл.. гэхдээ хүмүүс өдөр тутам хэрэглэсээр байгаад ямар ч үнэ цэнэгүй болгожээ... одоо яах уу?

Thursday, September 26, 2013

Бөөгийн домог

Энэ номноос болоод 2 удаа уйллаа. Эхнийхийг нь олон хүнтэй кафед байсан учир цааш нь залгилаа. 2дохыг нь үнэндээ тэссэнгүй ээ. Автобусны цонхруу харан нуугдаад баахан уйллаа. Зүгээр байтлаа ингэсэн юм шиг мөртлөө дотор хуримтлагдаад байсан ужиг шархыг сэдрээчих шиг болсон тэр ном. Хагдай өвгөний араас уйлж эхэлсэн ч цаашлаад удаан үргэлжилсэн шалтгаан нь өөр хүн байсан юм. Хэд хоног сэтгэл төгшүүрлээд, ууртай болчихсон, ээжид ааш муутай гэж үглүүлж, яагаад байгаагаа баахан асууж шалгаалгасныхаа хамаг дотор байсан зүйлээ гартал чимээгүй л огт хөдлөлгүй урсгаад байсан. Хүн анзаарчихвий гэсэндээ хүзүүний ороолтоо толгой дээгүүрээ тохон юүдэн болгоод урсгасаар. Утас дуугарахаар, нетээр хүн холбоо барьсан дохио ирэхээр л төгшүүрлэж айгаад хэнтэй ч холбоо барьмааргүй сонссон ч утсаа авмааргүй, уншсан ч хариу бичмээргүй санагддаг тийм нэг үе байдагдаа. Өчигдөр би тэр хүнийг бодсоор л нулимс унагасан. Өнөөдөр өөрийн утаснаас өөр утас авах дургүй хэрнээ ээжийн шахалтанд ороод яах аргагүй утас сахиж байгаад авчихлаа... Мэдэж байсан юмаа "удахгүй" ийм зүйл болно гэж.. Бэлтгэлтэй байсан юм дотроо.. Гэхдээ тэр "удахгүй" нь маргааш өдөр нь байсныг мэдээгүй. Өчигдөр тэр хүний араас сэмхэн хэнд ч мэдэгдэлгүй баахан гунигласан нь урьдчилгаа байсан юм болов уу. Яг тэр урьдчилж бэлдсэн өдөр нь болоход уйлж ерөөс болохгүй ээ.
[утас дуугарлаа..]
Ингэж бичээд, өөртөө хэлээд хатуу шийдвэр гаргасан ч харилцуураар сонсогдох олон бужигнасан төгшүүрт байдлаас болоод нүдний аяга дүүрээд байна.
Нэг гэрлийн араас нилээн хэд цувархаас айх. Хүнд чин сэтгэлээсээ хайртай гэж хэлж болдог бол тэрнээс ч илүү сэтгэлийг хэлж, харуулж чадахгүй ч одоо л амьдралдаа анх удаа зөвхөн таньд дамжуулж мэдрүүлмээр байна. Хайртай, хүндэлдэг, бахархадаг гэж хэлмээр юмшиг хэрнээ энэ үгс чинь миний дотор сэтгэлийг илэрхийлж ерөөс чадахгүйн. Хэлчихвэл хэтэрхий бага, өчүүхэн хэсэг нь болох гээд.. үлдсэн асар том хэсэг нь илэрхийлэгдэж чадалгүй үлдэх гээд. Хүний хэл ийм ядмаг хомс. Өвөө та хоёрыгоо үргэлж дурсаж ярих болно. Тэгэхдээ би тэр үеийнхээ сайхан цагт буцна.
Учирсан хүн бүрийнхээ сайхан дурсамж болж үлдсэн ахдаа зориуллаа.